Уран сайхны киног сэдэв агуулгаар нь аж байдлын, хүүхэд залуучуудын, адал явдлын, цэрэг эх орны, түүх хувьсгалын сэдэвтэй кино гэх мэтээр ангилдаг. 1945 онд бүтээгдсэн "Цогт тайж" кино нь түүхэн кино хэмээх ангилалд хамаарна. Социалист системийн үед өөр түүхэн киног бүтээгээгүй үе байсан юм. Учир нь Ардын хувьсгалтай шууд холбоотой түүхэн кинонууд олныг бүтээгдсэн ч цаг хугацаа, цар хүрээний хувьд зөвхөн 20-р зууны эхэн үеийг хамрах тул эдгээр кинонуудыг түүх хувьсгалын сэдэвтэй гэж онцлон тэмдэглэдэг байжээ. Үлгэр домгийн сэдэвтэй киног үзэгчид түүхэн кинотой андуурах үзэгдэл ажиглагддаг."Алтан өргөө", "Ховдогийн гай", "Эх бүрдийн домог", "Бушхүүгийн үлгэр" хэмээх дөрвөн л кино энэ сэдэвт хамаарч байв. Үлгэр домгийн сэдэвтэй кино нь уран бүтээлчдэд тэдэн дундаас кино зураачдад чөлөөтэй хийсвэрлэн ажиллах боломжийг олгодог бол түүхэн кино нь түүх, угсаатны зүй, үндэстний онцлог, зан заншлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд суурьлан, уран бүтээлдээ тусгаж ажиллахыг шаарддаг онцлогтой. Түүх хувьсгалын сэдэвт киноны нэрт мастер Ардын жүжигчин, төрийн шагналт кино найруулагч Д.Жигжид гуай түүхэн уран сайхны "Мандухай цэцэн хатан" киног бүтээхээр арав гаран жил хөөцөлдсөний эцэст социалист системийн нам төрийн удирдагч нараас зөвшөөрөл авч чаджээ. Ингээд кино бүтээх баг бүрэлдэхүүнээ сонгож эхэлсэн байна. Кино нь багаар бүтээдэг урлаг учир хамтран ажиллах уран бүтээлчид санаа бодол, ур чадвар, гар нийлэх нь хамгаас чухал. Коммунист дэглэмийн үед хаад ноёд, хатад дээдсийн тухай маш өндөр төсөвтэй кино бүтээнэ гэдэг их хариуцлага шаардсан ажил. Жигжид гуай энэ л хариуцлагийг нэр төртэй биелүүлэхийн тулд итгэлтэй уран бүтээлчдийг цуглуулсаны нэг нь ерөнхий зураачаар зураач Б.Пүрэвсүхийг сонгосон явдал байлаа. Пүрэвсүх гуай 1977 онд Репиний нэрэмжит Уран зургийн академийг төгссөн дээд боловсролтой зураач боловч нэг ч кинонд ажиллаж үзээгүй нэгэн байжээ. Гэвч тэрээр түүхэн сэдэвтэй уран зургуудыг олныг зурдаг байсан нь л багтаа авах шалтгаан бус тухайн зургуудаа маш их судалгаа хийж бүтээдэг нь Жигжид гуайд таалагдсан гэж олон хүний дурсамжаас уншиж сонсож байлаа. Ийнхүү 1985 оноос зохиолоо уншиж, судалгаа, эскиз хийх бэлтгэл ажилдаа оржээ. Ганцхан өгүүлбэрт багтаан бичсэн энэхүү "бэлтгэл ажил" гэж маш нүсэр ажил байсан гэдгийг цохон тэмдэглэмээр байна. "Кинонд зураач юу хийдэг юм бэ? Зураг л зураад байх уу?" гэж зарим үзэгчид асуудаг. Кино зураач нь киноны зохиолоос хийх киноныхоо өнгө дүрслэлийн шийдэл, цаг хугацаа, орон зай, цар хүрээ, ямар ямар үндэстэн ястаныг хамрах, мөн ямар хэлбэрийн (реалист эсвэл модернист өөрөөр хэлбэл сонгодог, арилжааны, арт хаус) кино болохыг урьдчилан төсөөлж харна. Үүний дараа эскизүүд... Эскиз нь дотроо хувцасны, тайз декорацийн, дүрийн, жижиг хэрэгслэлийн, зэвсгийн, нүүр хувиргалтын, үсний, сахалын гэх мэт олон төрөл болж задарна. Цаасан дээр зурагдсан эскизийг бодит биет болгох нь кино зураачийн ажлын бас нэг хэсэг. Материал, өнгө сонгоно. Оёдолчид, тайз декорацийнханд захиалга өгч оёулна, бариулна. Шалгана, зөвлөгөө өгнө, хүлээн авна. Энэ их ажлыг ганц хүн амжуулах боломжгүй тул зураачдын баг бий болгож тэднийг ерөнхий зураач удирдан зохион байгуулдаг билээ. Ерөнхий зураачийн дор хувцасны, тайз декорацийн, жижиг хэрэглэлийн, раскадровкны, зэвсгийн, хослол зургийн зураач нар, мөн няравууд ажиллана. Эдгээр хэсгүүдэд мужаан, дархан, гагнуурчин, токарьчин, чулуучин, цэцэрлэгч гээд шаардлагатай төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс ажиллана. Нүүр хувиргагч нар ч ерөнхий зураачийн удирдлага дор ажилладаг. Киноны дүрслэн харагдах зүйлийг зураач бүрдүүлдэг бол зураглаач дүрслэн харуулж үзэгчдэд хүргэдэг билээ. Кино зураачийн хамгийн гол ажил нь ерөнхий найруулагчтай хамтран дүр сонголтыг хийх явдал юм. Тухайн дүрд харагдах байдлаараа аль жүжигчин тохирох вэ? Уг жүжигчин энэ дүрд тоглоход хөгшрөх эсвэл залуужуулахад тохирох эсэх, тохирох бол нүүр хувиргагчтай хамтран бэлдэж найруулагч болон операторт танилцуулах гэх мэт. Энэ бүх ажлын эцэст Пүрэвсүх зураач кино багийнхантайгаа зургаа авч эхэлжээ. Монос цэцэглэх үеэр Сонгиноны амралтын орчим цэцэрлэгтэй усан оргилуур барьж галуу нугас хөвүүлж, мөн тайз декораци, дотор гадаа гээд авч эхэлж байтал ерөнхий найруулагч Д.Жигжид гуайн бие чилээрхэж эмнэлэгт хэвтэв. Эмнэлэгт хэвтсэн ч Жигжид гуай кинондоо санаа зовнин группийнхэнийгээ тэр тусмаа зураач Пүрэвсүхийг эмнэлэгтээ дуудан ажлаа явуулсаар, санал бодлоо хуваалцсаар байжээ. Гэвч Жигжид гуайг ажлаа хийж болохгүй гэсэн эмчийн магадлагаа гарчээ. Соёлын яаман дээр яаралтай хурал болж "Мандухай цэцэн хатан" киноны ерөнхий найруулагчаар хэнийг ажиллуулах вэ гэж удаан хэлэлцсэний дүнд гадаадад кино наадамд оролцож явсан найруулагч Б.Балжиннямыг томилсон байна. Соёлын яамны энэ шийдвэр оновчтой байсан гэж би хувьдаа боддог. Учир нь 20 орчим уран сайхны бүрэн хэмжээний кино бүтээх зардлаар нэг л сайн бүтээл хийхээр төсөвлөгдсөн тул Соёлын яамныхан ч, Кино үйлдвэрийхэн ч маш их айж байсан биз. Мөн энэ их ажлын ачаалалыг 70 хүрч яваа Жигжид найруулагч даахгүй бол яах вэ гэдэг тулгамдсан асуудал байсан нь тодорхой. Гэвч олон жил хөөцөлдөж мөрөөдлийн киногоо бүтээх гэсэн Жигжид гуайн хүсэл хөөрхий... Ийнхүү шинэ найруулагч кино группээ шинэчилжээ. Уран бүтээлчид болон жүжигчдийн бүрэлдэхүүнийг Балжинням найруулагч өөрийнхөөрөө өөрчлөв. Дээр дурьдсан кино нь багийн урлаг гэдгээр гар нийлж, бие биенээ маш сайн ойлголцдог байх нь бүтээлд шууд нөлөөлдөгөөс тэр. Пүрэвсүх зураачийг Балжинням найруулагч хэвээр үлдээж хамтран ажиллах санал тавьсан нь зураачийн ур чадварыг үнэлсэний тодорхой жишээ юм. Энэ сонголтын үр дүнг мэргэжилтнүүд болон үзэгчид бэлхэнээ харсаан. "Мандухай цэцэн хатан" кинонд Б.Пүрэвсүх зураачийн гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдолын талаар хүмүүсийн дурьдсаныг дахин давтаж нуршихгүйн тулд нэг л зүйлийг жишээ болгон цухас дурьдая. Персийн менятур дээр Юань гүрний үеийн хатдыг "богтаг" хэмээх өндөр малгайтайгаар дүрсэлсэн нь элбэг байдаг. Археологийн олдвороос ч энэхүү богтогон малгай олдсон. Энэ бүхнийг Б.Пүрэвсүх зураач судалсаны үндсэн дээр Мандухай болон Юнгэн хатныг богтогон малгайтайгаар бүтээсэн нь монголын кино урлагт анхных болсон төдийгүй ард түмэнд энэхүү малгайг анх удаа харуулж, таниулсан онцлогтой. Одоо богтогон малгайтай эмэгтэйчүүд концерт, баяр наадмын нээлтэнд харагдах нь ердийн үзэгдэл болжээ. Эндээс нэг зүйлийг дурьдахад, ялангуяа видео клип хийж байгаа залуучууд хатан л гэвэл олдсон богтогон малгайг өмсүүлж байгаа нь судалгаа хийдэггүй, мэдлэг нимгэн болохоо харуулж байгаа явдал юм. Юань гүрний үеэс манай дээдэс эсгий гэрт бус орд харшид амьдрах болсонтой холбогдон хаадын хатад өмсдөг байсан энэ малгайг Бөртэ хатан, Өэлүн эхэд ч өмсүүлсэн харагддаг нь харамсалтай. Үүнтэй төстэй нэгэн жишээг дуръдая. Пүрэвсүх зураачийн шавь зураач Ж.Цог ах миний "Аравт" киноны ерөнхий зураачаар ажиллахдаа яг л багш шигээ судалгааг сайн хийж ажилладаг сайн кино зураач байлаа. "Мөнх тэнгэрийн хүчин дор" киног багштай хамт хийж байхад мөөрөлжин энгэртэй дээл жүжигчдэд өмсүүлж байсан. Гэтэл түүнээс хойш манай археологичид 13-р зууны маш сонин, чамин хийцтэй дээлнүүд олсон. Би "Аравт"-ийн баатаруудыг ийм дээлтэй хийнэ" гэж хэлж, мөн түүгээрээ хийсээн Цогоо ах. Гэтэл энэ дээлийг ард түмэн "Хүннү дээл" гэж нэрлээд байна. Зүй нь энэ бол яг 13-р зууны загвар, Чингис хааны үеийн дээл гэдгийг залруулах гэсэн юм. Түүх биднээс цаг хугацааны хувьд алсран одож байгаа боловч археологийн олдвор, уран бүтээлчдийн бүтээлийн дүнд улам тодрон танигдсаар байдгийн жишээ энэ буюу. Цогоо ахыг дурьдсаны учир нь зураач Пүрэвсүх гуай нь сурган хүмүүжүүлэгч, өнөө цагийн монголын кино зураачдын ур чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн болохыг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Тэрээр "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонуудыг бүтээхдээ олон залуучуудыг дагалдуулан ажиллаж мэдлэг туршлагаа өвлүүлэн үлдээсэн билээ. Дээрх хоёр киног бүтээсэн явдал нь монголын кино урлагт түүхэн сэдэвт кинонуудыг бүтээх гараа болж цагаан толгой болсон, болсоор ч байх болно. Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх хэдийгээр хийж бүтээх идэр залуу насандаа бурханы орныг зорьсон ч түүний бүтээл монголын киноны зураачийн ур чадварын илэрхийлэл болсоор зуу зуун жил үзэгчдийг гайхшруулсаар байх болно.
Пүрэвсүх агсаны хүүхдүүд аавынхаа авъяасыг өвлөн зураач болцгоосон бөгөөд алдарт зураачийн кинонд ажиллаж байсан арга ажиллагааны тухай зурагтай, сайхан ном гаргахаар бэлдэж байгаа юм билээ.
Эх сурвалж
- Д.Золбаяр, архив 2019-12-05