Жамсрангийн Жигжиддулам
Кино бол урлаг төдийгүй түүхийн баримт болдог онцлогтой. Жүжигчдийг залуу байхдаа ийм хүн байжээ гэж харахаас гадна хожим бурханы оронд одсоны дараа үр хүүхдүүд, үзэгч олон түмэн нь санан дурсах сэдэл болж байдаг шүү дээ. Социализмын үед…
Зохиогч Д.Золбаяр ·
Кино бол урлаг төдийгүй түүхийн баримт болдог онцлогтой. Жүжигчдийг залуу байхдаа ийм хүн байжээ гэж харахаас гадна хожим бурханы оронд одсоны дараа үр хүүхдүүд, үзэгч олон түмэн нь санан дурсах сэдэл болж байдаг шүү дээ. Социализмын үед хатуу чанга байснаас жүжигчид хүслээрээ кинонд тоглох боломж хомс байсан. Мөн театрынхаа ажилд сэтгэл хангалуун байсан тул тэр бүр кинонд тоглох гэж улайралгүй явсаар нэг л мэдэхэд насыг илээсэн хүмүүс олон бий. Тэдний нэг нь Драмын театрын жүжигчин Жигжиддулам гуай юм. Жамсрангийн Жигжиддулам 1938 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд төржээ. Дорнод аймгийн ХДТ болон Улсын Драмын театрт жүжигчин байж олон жүжигт тоглосон гэнэ лээ. 1961 он "Улаанбаатарт байгаа миний аавд" худалдан авагч 1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" ногоочин Сувдын найз
1980 он "Өнөр бүл" үйлдвэрийн ажилтан 1987 он "Илүү сартай зун" Сэрчмаа
эдгээр кинонд л тогложээ. Өөр ганц нэг киноны эпизодонд тоглосон байж магад. Мэдэх бол хэлж өгч туслаарай. Миний хувьд Жигжид найруулагчийн хийж байсан "Мандухай цэцэн хатан" киноны дүрсийг үзэх завшаан тохиож байсан билээ. Та бүхэн Төмөржин өвгөний Хадаг эмгэнийг санаж байгаа байх. "Хүүгийн бие илаарь болоогүй байна" гэж байгаад Батмөнх хүүг булаалгадаг хоёр хөгшин л дөө. Бадамгарав гуай тоглодог шүү дээ. Миний үзсэн дүрсэнд Хадаг эмгэнд Жигжиддулам гуай тоглож байв. Сонирхуулж хэлэхэд тэр хэсэг гадаа биш гэр дотор, шөнө хоёр хөгшинийг гэртээ байж байхад нь баахан хүн орж ирээд гэрийг нь нэгжин түвээж байгаад хүүг аваад гарч байсан шүү. Жигжид гуай ч эрүүл мэндийн шалтгаанаар киногоо өгч, Балжинням гуай ч Хадаг эмгэнд Бадамгарав гуайг тоглуулсан юм билээ. Жигжид гуай найруулж, Жигжиддулам гуай тоглосон бол бас л өөр, сонин кино болох байсан байх даа.
Эх сурвалж: Д.Золбаяр.