№540 Жигзавын Дорждагва
Алдарт уртын дуучин Жигзавын Дорждагва гуай амьд сэрүүндээ монголын уран сайхны кинонд дүрсээ үлдээсэн гэдгийг та бүхэн мэдэх үү?
Зохиогч Д.Золбаяр ·
Алдарт уртын дуучин Жигзавын Дорждагва гуай амьд сэрүүндээ монголын уран сайхны кинонд дүрсээ үлдээсэн гэдгийг та бүхэн мэдэх үү?
1960 онд кино найруулагч Р.Доржпалам гуай "Салхины амт" киноныхоо цана түгээгч өвгөнд алдарт дуучныг тоглуулсан нь азтай, бас алсын хараатай хэрэг болжээ.
Ж.Дорждагва 1904 онд Түшээт хан аймгийн Говь гүний хошуу, одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг "Дэрсэн хонд" хэмээх газар төржээ.
1912-1927 онд Онгийн голын хийдэд шавилан сууж хурлын уншлагын оройлогч унзадын мяндагт хүрч явсан гэдэг.
Ингээд хар болж Түүхий Эдийн баазад эд шалгагч, Хэвлэх Үйлдвэрт хэвлэгчээр ажиллажээ.
1932 оноос "Бөмбөгөр ногоон" буюу Ардын Цэнгэлдэх Хүрээлэнд шалгуулан тэнцэж "Өвгөн шувуу хоёр", "Дуртмал сайхан", "Цэвцгэр хурдан шарга", "Эртний сайхан", "Дөмөн", "Эрдэнийн галбирваасан", "Хоёр бор" зэрэг олон дуунуудыг дуулж Монголын радиогийн санд хадгалуулсан буянтай.
Мөн "Монгол дуунууд" түүвэр, "Монгол уртын дууны түүвэр" гарахад идэвхийлэн оролцож, 1970 онд 102 уртын дуу, 6 сул аялгууг бие даан нотолж эмхэтгэн хэвлүүлжээ
1945 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин цол хүртсэн.
1999 онд манай "ХХ зууны манлай эрэгтэй уртын дуучин"-аар шалгаран өргөмжлөгдсөн.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №540.