Бадраагийн Бадрууган
Бадраагийн Бадрууган ахыг дуучин гэдгээр нь үзэгчид, сонсогчид тун сайн мэднэ. Иймээс түүний бусад авъяасын тухай түр орхиод кино урлагтай холбогдсон түүхээс цухас дурьдая. Кино найруулагч болох мөрөөдөлтэй хүүгээ Бадраа гуай Кино үйлдвэрт…
Зохиогч Д.Золбаяр ·
Бадраагийн Бадрууган ахыг дуучин гэдгээр нь үзэгчид, сонсогчид тун сайн мэднэ. Иймээс түүний бусад авъяасын тухай түр орхиод кино урлагтай холбогдсон түүхээс цухас дурьдая. Кино найруулагч болох мөрөөдөлтэй хүүгээ Бадраа гуай Кино үйлдвэрт туслах найруулагчаар оруулжээ. Туслах найруулагч байхдаа дүрээ үлдээсэн нь "Тунгалаг Тамир" кинонд эсэргүү лам болж Цахиур Төмөрт цохиулан унадагийг санаж байна уу. Ингээд 1973-1978 онд Ленинград хотын Н.К.Крупскаягийн нэрэмжит Соёлын дээд сургуулийг төгсжээ. Төгсөж ирээд найруулагч Б.Жамсрангийн "Тууврын замд" киноны Лунгаа хэмээх оюутаны дүрийг бүтээсэн билээ. Цирк, телевизэд найруулагч, Соёл Урлагийн Хорооны дарга байсныг нь хүмүүс мэдэх тул түр орхиё. Үзэгчид монголын анхны телевизийн олон ангит киног "Эзэнгүй анги" гэж ойлгодог. Угтаа бол Бадрууган найруулагчийн таван ангит түүхэн уран сайхны "Төрийн сүлд өршөө" кино юм шүү дээ. Энэ киногоороо тухайн үед байсан бараг бүх ахмад жүжигчдийг тоглуулж бидэнд үлдсэнээрээ ач холбогдолтой. Одоо гавъяат жүжигчин болсон Ё.Цог гуайг анх Богд хаанд, мөн анх удаа Богд хааныг эерэгээр харуулсан онцлогтой. 1995 онд 35 мм-ийн плёнкоор "Ертөнцийн сүүлчийн чулуу" хэмээх одоогийн хэллэгээр артхаус кино бүтээсэн нь маш өвөрмөц кино болсоон. Оператор Шаравдорж гуайтай хамт кино үйлдвэрийн павилионд тус киноны зургийг авч байхад нь оюутан байхдаа сонирхон харж байсан. Нээлтэн дээр нь оюутан бидэнд урилга олдохгүй ч яаж ийж байгаад туулайчлан орж үзэж байснаас хойш дахиж үзээгүй нь харамсалтай. "Шинэ үсгийн багш", "Уулын хөх сүүдэр" зэрэг кинонуудыг мөн найруулсан юм шүү. 1996 онд Радио Телевизийн дээд сургуулийг санаачлан байгуулсан нь одоо СУИС-ийн харъяа сургууль болж олон залуучуудийг бэлтгэж байгаа билээ. Зөрөөд өнгөрөхдөө л нэг марзан юм ярьдаг Ууган ахыг 2000 онд өнгөрөхөд тухайн үеийн кино телевизийн залуучууд бид маш их өнчирсөөн. Ууган ах байсан бол монголын кино урлаг арай өөр түвшинд байх байсан гэж би одоо ч харамсдааг. СТӨ-д салах ёс гүйцэтгэчихээд гараад алхсаар (такси явахгүй түржирч байсан тул) Ийгл ТВ буюу одоогийн Хил Хамгаалах Ерөнхий Газар хүрэхэд оршуулагийн цуваа тасраагүй л байсан юм даа...
Эх сурвалж: Д.Золбаяр.