Бадрахын Сумхүү
Миний багш БНМАУ-ын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Бадрахын Сумхүү 1929 онд Увс аймгийн Давст суманд төржээ. Эцэг Ө.Бадрах НамынТөв Хорооны нарийн бичгийн дарга хэмээх өндөр албан тушаалтан байсан тул багш…
Зохиогч Д.Золбаяр ·
Миний багш БНМАУ-ын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Бадрахын Сумхүү 1929 онд Увс аймгийн Давст суманд төржээ. Эцэг Ө.Бадрах НамынТөв Хорооны нарийн бичгийн дарга хэмээх өндөр албан тушаалтан байсан тул багш маань багаасаа орос сургуульд суралцаж орос хэлийг сурч байжээ. Гэвч 30-аад оны хэлмэгдүүлэлтийн шуурга дайрч аавыг нь зүүнтний үзлийг хэт баримталсан гэдэг хэргээр баривчилж цаазалсан билээ. Ааваасаа хойш бяцхан хүү сургуулиасаа хөөгдөн орох оронгүй болж эжийтэйгээ их л зовлон үзсэн гэнэ лээ. 1945-1948 онд Урлагийн сургуулийн зургийн ангид суралцан төгсчээ. Төгсөөд Улсын Хөгжимт Драмын Театрт конструктор зураач буюу тайзны зураачаар ажилласан байна. Орос хэлтэй тулд дээд боловсролтой зураач болохыг хүсч өргөдөл өгч хэдэн жил болжээ. Хүссэн хүсэл нь биелж ЗХУ-д киноны сургуульд кино зураачийн ангид явахаар болон баярлаж байтал гэнэт хувиар нь өөрчлөгдсөн байна. Учир нь Пүрэв гэдэг сайдын хүү зураачийн ангийн хуваарийг нь авсан тулд кино найруулагчийн ангийн хуваарь л үлдсэн гэнэ. Ингээд дуртай дургүй найруулагчийн ангид явсан гэж багш минь ярьж билээ. Зураачийн ангид явсан хүү нь УГЗ кино зураач П.Цогзол багш маань юм шүү дээ. Хувь заяа хүмүүсийг байр байранд нь тавьдаг бололтой. Ийнхүү 1956-1961 онд ВГИК буву БХКУДС-ийг Л.В.Кулешов багшийн урланд суралцан кино найруулагч болсон юм. 1962 он "Толбот хивс" 1966 он "Төөрсөөр төрөлдөө" 1967 он "Хил дээр" 1969 он "Агуйн нууц" 1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" 1972 он "Ичээнд нь" 1973 он "Моторын дуу" 1975 он "Хань" 1976 он "Анхны хайрын дууль" 1978 он "Их замын эхэнд" 1981 он "Говь Хянганд тулалдсан нь" 1983 он "Сахиус уу сахиул уу" 1988 он "Би нисэх дуртай" 1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" 1990 он "Одод орчих хязгаар" 1991 он "Эцгийн голомт" 1992 он "Агарын гурван сүлжээ" 199.. он "Сарлаг тоших цагаар" 1995 он "Араанд нь алт, ард нь хутга" эдгээр кинонуудыг найруулжээ. 1961 он "Үүрээр" 1967 он "Хил дээр" 1970 он "Дайны тухай өгүүллэгүүд" (Хоёулаа) 1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" 1975 он "Хань" 1978 он "Их замын эхэнд" 1983 он "Сахиус уу, сахиул уу" зэрэг кинонуудын зохиолыг бие даан болон хамтран бичиж дэлгэцнээ амьдруулсан байна. Мөн 1963 онд "Аман хуур" кинонд ерөнхий зураачаар Т.Гоош ахтай хамт ажиллажээ. 1975 онд "Хань" киног хийснийх нь дараа төрөөс Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан бол 1982 онд "Говь Хянганд тулалдсан нь", "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" кинонуудад нь БНМАУ-ын Төрийн шагнал олгосон байна. Хамт төрийн шагнал авсан Ц.Төмөрбаатар ах 90-ээд оны үед төрийн шагналаа буцаах хүсэлт гаргаж байсан тухай нь "Та яагаад буцааж өгөөгүй юм бэ?" гэж бид саваагүйтэн асуухад "Төр маань надад хийсэн бүтээсний минь төлөө өгсөн. Би авсан. Төмөрбаатарын үйлдэл бол өөрийнх нь хувийн асуудал" гэж хариулж билээ. Эцгийг нь цаазалсан ч төрдөө түмэндээ үнэнч багш минь... Өнөө жил багшийн маань мэндэлсний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Сургууль төгсөж ирээд л өөр хаана ч биш кино үйлдвэрт насыг барсан багш маань 1991 оноос багшилж олон шавь төрүүлсээн. Манай дээр нэг, доор нэг төгсгөлтийнхөн байдаг билээ. Ойд нь зориулж юу хийх вэ? Багшийн олон шавь нар аа?!... "За хүүхдүүд минь. Кино бол найруулагчийн зүрхний зүлгүүр шүү. Биеэ бодож яваарай..."