Дэлгэрийн Баттулга
Багш нараа дурсахуй. Бидэнд кино операторын уран чадварын хичээл зааж байсан багш кино оператор Дэлгэрийн Баттулга багшийнхаа тухай эргэн дурсахад сайхан байна. Багш маань 1960-1965 онд БХКУДС-д суралцан улаан дипломтой төгссөн юм гэнэ…
Зохиогч Д.Золбаяр ·
Багш нараа дурсахуй. Бидэнд кино операторын уран чадварын хичээл зааж байсан багш кино оператор Дэлгэрийн Баттулга багшийнхаа тухай эргэн дурсахад сайхан байна. Багш маань 1960-1965 онд БХКУДС-д суралцан улаан дипломтой төгссөн юм гэнэ билээ. Багш маань "Ус" 1965 "Төөрсөөр төрөлдөө" 1966 "Тунгалаг Тамир 1,2,3" 1970-1973 "Нэг ангийн хоёр" 1974 "Мартагдашгүй намар" 1975 "Хайрхан өндөр хаана байна" 1978 "Газрын үнэр" 1978 "Гул Аранжин" 1981 "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" 1981 "Загийн алим" 1984 "Мөнгөн буйл" 1985 "Ирэх хаврын цэцэг" 1986 "Амьдралын нахиа" 1988 "Эргүүлэг" 1989 "Ганаагийн паян" 1990 "Ингэ буйлах нутагт" 1992 "Хайрын домог" 1992 он зэрэг уран сайхны, 20 гаруй баримтат кинонд ерөнхий оператороор ажиллаж зургийг нь авсан юм. Зураг хэрхэн авсан тухайгаа их ярьдаг байсаан. "Тунгалаг Тамир" киноны Долгор усанд живдэг хэсгийг авах гээд Зүүн Хараад цөн түрэхийг хүлээж долоо хоносон гэсэн. Нэг л өдөр цөн түрж зураг авах болжээ. Цэвэлсүрэн гуайг нэг мөсөн дээр зогсоогоод өөрөө нэг мөсөн дээр зогсож зураг авна гэтэл Долгорсүрэн гуай уйлаад "Та нар чинь үхэх гээ юу" гээд тас загнаад болиулсан гэнэ лээ. Цахиур Төмөр ширтэйгээ өнхөрдөг зургийг авахдаа өөрөө поошигон дотор камертайгаа орж өнхөрөөд авсан гэсэн. "Нэг ангийн хоёр" киноны төгсгөлд хүүхдүүд гүйж явахад нисэж зураг авсан байдаг. Вортлётны хаалгийг онгойлгоод зургаа авч байхад Дамдин найруулагч тэлээнээс нь атгасан байсан гэсэн. Өөр хамгаалалт байхгүй. Залуу ч байсан биз, зоригтой ч байсан биз. Би яг ингэж зураг авч үзсээн. Гэхдээ бөөн баглаа хүлээтэйгээр. Эвгүй л юм байна лээ Нуулгүй хэлэхэд миний нүдэнд гурван хүүхэд маань л харагдаад байсан. Багш маань ээжээсээ хойш их уяхан болсоон. Бидний киноны нээлт болгонд уригдаж ирээд уйлдаг болсоон. Биднээр бахархаж, бас биднийхээ төлөө санаа нь зовоод тэр шүү дээ. Багш маань "гавъяат" болохыг их хүссээн, хүлээсэн. Гэвч төр тэр тэмдэгээ өгөөгүй ээ. Багшид минь "гавъяат" байхгүй ч кинонууд нь байгаа. Бас үзэгчид байгаа. Багш минь...
Эх сурвалж: Д.Золбаяр.