Лхагваагийн Эрдэнэбулган
Ардын Хатанбаатар Магсаржавын дүрээрээ олонд танигдсан жүжигчин, найруулагч Л.Эрдэнэбулган гуайн тухай үзэгчид мэддэг ч кино урлагтай холбогдсон түүхээс нь та бүхэнд сонордуулъя. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагваагийн…
Зохиогч Д.Золбаяр ·
Ардын Хатанбаатар Магсаржавын дүрээрээ олонд танигдсан жүжигчин, найруулагч Л.Эрдэнэбулган гуайн тухай үзэгчид мэддэг ч кино урлагтай холбогдсон түүхээс нь та бүхэнд сонордуулъя. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагваагийн Эрдэнэбулган 1940 онд Булган аймгийн Бугат суманд төржээ. Дуучин болох хүсэл эрмэлзлэлээр дүүрэн хүү хотод ирээд азтай тохиолдлоор "Түмний нэг" киноны дууг дуулжээ. Дуулсан дуу нь хожим нь төрийн дуулалтай дүйцэх дуу болон түгнэ гэж тухайн үед бодоогүй явсан байх даа. Энэ бол Ж.Бадраагийн үг, Ц.Намсрайжавын хөгжим "Халуун элгэн нутаг" дуу байлаа. 1967 онд Болгар улсын Софи хотын хотын Хөгжмийн дээд сургуулийг дуулаач мэргэжлээр, 1980 онд Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн найруулагч мэргэжлээр тус тус төгсжээ. Эрдэнэбулган гуай Дуурийн театрт дуучнаас найруулагч болж олон арван дуурь найруулсан гавьяатай хүн билээ. 1973 он "Моторын дуу" сумын дарга 1981 он "Хатанбаатар" Хатанбаатар 1984 он "Нарны унага" Жалцав 1984 он "Зарлаагүй дайны оршил" Като 1985 он "Фронтод явах өргөдөл" Гомбо 1986 он "Намар нахиалсан мод" Товуу 1989 он "Алтан шонхор" Хиян баатар 1993 он "Ач тус, атаа хорсол" Буян зэрэг кинонуудад дүр бүтээжээ. 1993 онд "Учиртай гурван толгой" 1995 онд "Чин ван Ханддорж" 1999 онд "Шувуу тэнгэрт үүрээ засдаггүй" 2008 онд "Үхэж үл болно- Чингис хаан" кинонуудыг найруулжээ. Миний хувьд "Үхэж үл болно-Чингис хаан" кинонд нь нэгдүгээр найруулагчаар ажиллах хувь тохиосон билээ. Төрөөс санхүүжилт олгохоо больсноос хойш залуу киночид бид том хэмжээний түүхэн кино хийх тухай бодож ч чадахгүй тэр үед Эрдэнэбулган найруулагчийн санаачлага, идэвх зүтгэлээр "Үхэж үл болно-Чингис хаан" кино хийгдсэн юм. Энэ киноны буянаар л би "Аравт" киногоо хийсэн. Манай залуучуудад "Ану хатан", "Долоон бурхан харвадаггүй", "Зүрхний хилэн" киног бүтээх итгэл, зоригийг өгсөн. Удахгүй "2000", "Хийморь" зэрэг кинонууд нээх гэж байна. Хойшдоо ч олон сайхан түүхэн кинонууд төрөх болно. Хойчийн залуучуудын нэрийн өмнөөс Эрдэнэбулган найруулагчдаа баярлаж талархаад эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Д.Золбаяр.