Балдангийн Дэмбэрэл
Кино үйлдвэрийн анхдагчдын нэг япон хэмээх Б.Дэмбэрэл гуайг эргэн дурсая.
Зохиогч Д.Золбаяр ·
Кино үйлдвэрийн анхдагчдын нэг япон хэмээх Б.Дэмбэрэл гуайг эргэн дурсая.
Балдангийн Дэмбэрэл 1918 онд Улаанбаатар хотноо төржээ.
Гуталчин хийж байсан залуу Өлзий хэмээх кино механикчийг дагалдан сурч ажиллаж байгаад кино үйлдвэр байгуулагдах сургаар очиж ажилд оржээ.
Анхны мэргэжилтэн С.Гусевын галыг түлж өгөхөөс эхлээд бүх ажилд нь тусласаар кино оператор болсон гэдэг.
Дэмбэрэл гуай монголын анхны кино "Майн 47 жилий ой", анхны уран сайхны кино "Монгол хүү"-г авахад нь туслахаар ажиллаж явсан түүхтэй. Мөн Халх голын дайнд сурвалжлагч оператороор ажиллаж дайны хүнд бэрхийг бидэнд мэдрүүлсэн хүн юм шүү.
"Тусгаар тогтносон Монгол улс", "Бүгд Найрамдах Монгол Ард Улс", "Монголын сайхан орон" зэрэг алдартай баримтат кинонуудын зургийг авсан оператор билээ.
1938 он "Норжмаагийн зам"
1939 он "Сүрэг чоно"
1940 он "Анхдугаар хичээл"
1940 он "Тарваган тахал"
1942 он "Хил дээр гарсан хэрэг"
1942 он "Сүхбаатар"
1945 он "Цогт тайж"
1955 он "Гэм нь урдаа"
1959 он "Морьтой ч болоосой"
1960 он "Салхины амт"
1961 он "Гологдсон хүүхэн"
1965 он "Зэрэг нэмэхийн өмнөхөн"
1969 он "Агуйн нууц"
1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" зэрэг уран сайхны кинонуудад дангаараа болон хамтран зургийг нь авч оролцжээ.
Тэрээр "Сүхбаатар" кинонд Барон Унгерны мэргэч ламд тоглож кино хальсанд мөнхөрсөн юм.
Түүний хүү Д.Баярсайхан ах мөн л авъяаслаг оператор байдаг билээ. "Зүрхэнд шивнэсэн үг" киногоор нь Баярсайхан ахыг үзэгчид мэднэ ээ.
1975 онд Б.Дэмбэрэл гуайн хөдөлмөрийг нам засаг өндрөөр үнэлж БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.
Эх сурвалж: Д.Золбаяр.