Намсангийн Ёндонсамбуу
Кино үйлдвэрийн ахмад ажилтан зохион байгуулагч, зургийн дарга Намсангийн Ёндонсамбуу гуайг танилцуулж байна.
Зохиогч Д.Золбаяр ·
Кино үйлдвэрийн ахмад ажилтан зохион байгуулагч, зургийн дарга Намсангийн Ёндонсамбуу гуайг танилцуулж байна.
Ёндонсамбуу гэхээр хүмүүс мэдэхгүй байх аа. Гэхдээ тоглосон дүрүүдийг нь хэлэхэд л эрхгүй хүндлэх сэтгэл төрөх болов уу.
Алдар цолгүй ч алдартнуудтай анхнаас нь мөр зэрэгцэн бүтээж туурвиж явсан буурай юм шүү.
Ёндонсамбуу гуайн анхны кино нь "Сүхбаатар". Энэ кинонд маш олон жижиг дүрд тогложээ.
Сүхбаатар анх Гомбыг олоход хажуугийн мөглөнд хоригдож буй хоригдол, гаминд баригдсан Сүхбаатартай мөрийтэй хуруудах гэж байгаад бүсэн дэх буугаа алддаг гамин цэрэг, Сүхбаатар, Эрдэнэ гүн нарын хуалдаг гуанзны эзэн данжаад, мөн Сүхбаатар Богдод сөгдөхгүй гээд зогсож байхад ард нь мөргөж буй лам гээд олон дүрд тоглосон байна лээ.
Ёндонсамбуу гуайн ур чадвар өссөөр "Цогт тайж" кинонд Цахар ноёны дүрд тоглосныг доор зургийг нь тавьсан болно. Мөн манжийн хаанд бууж өгч байгаа ноёнд тогложээ.
"Сэрэлт" кинонд Бумаа авгай "Монгол талаасаа л нэгт" гэж даналзахад худалдагчид нь бас тоглосон байдаг.
1942 он "Сүхбаатар" олон дүрд
1945 он "Цогт тайж" цахар ноён
1957 он "Сэрэлт" хоршооны дарга
1975 он "Сүхболдын яриа" өвгөнд тоглож кино хальсанд мөнхрөн бидний үетэй золгожээ.
Н.Ёндонсамбуу гуай "Сүхбаатар" кинонд тоглох гэж ЗХУ-д, "Алтан өргөө" киноны хувцасны эрхлэгчээр Ардчилсан Германд улсад очиж ажиллаж байжээ.
Энэ хүн 40-өөд оны эхээр Бөмбөгөр ногоон театр санхүүжилт орж ирэхгүй хэцүүхэн байхад театрын бүх ажилчдын цалинг хувиасаа гарган тавьж өгч байсан гэж ахмад киночид ярьдаг юм билээ.
Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсийн нуруун дээр монголын урлаг босож ирсэн гэдэг шүү.
Монгол Кино үйлдвэрийн ахмадууд гайхамшигтай авъяастай бас сэтгэлтэй байжээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.