Лувсанжамбын Мөрдорж
Алдарт хөгжмийн зохиолч Мөрдорж гуайг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Гэвч энэ хүний кино урлагтай холбогдсон түүхийг цухас дуръдая.
Зохиогч Д.Золбаяр ·
Алдарт хөгжмийн зохиолч Мөрдорж гуайг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Гэвч энэ хүний кино урлагтай холбогдсон түүхийг цухас дуръдая.
Лувсанжамбын Мөрдорж 1919 онд Төв аймгийн Авдарбаян суманд төржээ. Гурван настайд нь ээж нас барсан ч хүүгийн нэр, мэнгэ, од гаригийн барилдлага нь таарсан тул Богд хаанд өргөгдөн очиж Мөрдорж нэрийг авчээ. Богд хааныг нас барсны дараа лам болохоор хийдэд шавилан суусан боловч хийдээсээ оргож сургуульд орсон гэдэг.
1932 онд Нягтлан бодогчийн 6 сарын дамжаанд сурч байхдаа хуучир хөгжим тоглож сураад Бөмбөгөр ногоон театрт дагалдан хөгжимчнөөр орсон байна.
1936 онд цэргийн албанд мордсоноор цэрэг эх орны сэдэвтэй дуунууд зохиож хөгжмийн зохиолч болох гараагаа эхэлжээ.
1951-1956 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн сургуульд суралцан хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшжээ.
1940 он "Анхдугаар хичээл"
1945 он "Цогт тайж"
1956 он "Бидэнд юу саад болж байна"
1959 он "Ардын элч"
1959 он "Морьтой ч болоосой"
1960 он "Элбэг дээл"
1961 он "Алтан өргөө"
1963 он "Энэ хүүхнүүд үү"
1964 он "Тус биш ус"
1965 он "Зэрэг нэмэхийн өмнөхөн"
1966 он "Үер"
1967 он "Төгсгөл"
1970 он "Анхны алхам"
1972 он "Эхлэлт"
1974 он "Говийн нүдэн"
1976 он Хүний амь"
1978 он "Хайрхан өндөр хаана байна"
1979 он "Хоньчин Найдан"
1985 он "Мөнгөн буйл"
1993 он "Морьтой ч болоосой-2" эдгээр кинонуудын хөгжмийг зохиож бидэнд үлдээжээ.
"Алтан өргөө" киноны хөгжим нь Монголын уран сайхны киноны хөгжмийн ноён оргил болсоор байдгийг бүх уран бүтээлчид хүлээн зөвшөөрдөг билээ.
БНМАУ-ын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдорж гуайн тухай үлгэр домог шиг хууч яриа их байдаг юм.
Нэг сурвалжлагч "-Та дандаа эх орны тухай хөгжим бичих юм. Та эх орондоо их хайртай хүн юм аа?" гэж асуухад "-Хүү минь тэгж нэрлэхээр амархан батлаглаж, мөнгө нь ахиухан ирдэг юм." гэж хариулсан гэдэг. Юунаас ч айдаггүй, хэнд ч долигонодоггүй тийм эгэл мөртлөө агуу хүн байж дээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.
