Баяндэлгэрийн Жамсран
"Ардын элч" кинонд хугацаагүй цэргийн албанд татагдсан цэргүүд өвлийн хүйтэн шөнө гэрт сууцгаан "Хулсан ташуур" дууг дуулцгааж байхад нэг цэрэг "Хөөрхий дөө. Энэ дууг ямар хүн зохиосон юм бол доо?" гэж асуудгийг санаж байна уу. Энэ цэрэгт…
Зохиогч Д.Золбаяр ·
"Ардын элч" кинонд хугацаагүй цэргийн албанд татагдсан цэргүүд өвлийн хүйтэн шөнө гэрт сууцгаан "Хулсан ташуур" дууг дуулцгааж байхад нэг цэрэг "Хөөрхий дөө. Энэ дууг ямар хүн зохиосон юм бол доо?" гэж асуудгийг санаж байна уу. Энэ цэрэгт тоглосон хүн бол бид бүхний үзэх дуртай олон сайхан кинонуудыг бүтээсэн кино найруулагч Баяндэлгэрийн Жамсран гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй биз ээ. Учир нь түүнд алдар цол байхгүй, харин алдартай кинонууд л олон бий.
Б.Жамсран 1956 онд Монгол кино үйлдвэрээс Мосфильмд нэг жилийн хугацаатай курст явуулсан 20 гаруй залуучуудын нэгд багтан кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн юм.
-
"Элбэг дээл" 1960
-
"Үүрээр" 1960
-
"Хөхөө гэрлэх дөхлөө" 1962
-
"Аман хуур" 1963
-
"Нийслэл хүү" 1968
-
"Тулалдааны өмнө" 1972
-
"Тууварын замд" 1979
-
"Ингэх гээд байсан юм" 1983
зэрэг кинонуудыг найруулсан юм
Тэрээр инээдмийн төрлөөр гаршсан найруулагч байсныг нь хийсэн кинонуудаас нь харж байгаа биз ээ.
60-аад оны нийгэмд залуучуудын нөлөө маш их байсны илрэл болох дуу хөгжим түүний кинонд тусгалаа олжээ. Хэд хэдэн киноных нь дуу олонд хүрч дуулах дуртай дуу болсон. Эдгээр дуунууд өнөө цагийн OST буюу киноны дуу гэдгийг жинхэнэ утгаар нь шингээсэн байна. Өөрөөр хэлбэл гол дүрийн жүжигчин үйл явдалдаа оролцож дуулдагаараа онцлог юм. Энэ нь цаг үеийн онцлог байж магадгүй. Учир нь тухайн үед, түүнээс арай өмнөх үед Холливудад ч бас ингэж л дуулдаг байжээ. Хэдий хаалттай нийгэмд амьдарч байсан ч ахмадууд маань тухайн үедээ цаг үетэйгээ мөр зэрэгцэж байжээ гэж дүгнэж болох.
Б.Жамсран гуай найруулагч төдийгүй жүжигчин байсан нь өнөө бидэнд өвлөгдөн үлджээ.
1954 он "Шинэ жил" ажилчин
1955 он "Гэм нь урдаа"
1956 он "Манай аялгуу" гадаад явж буй оюутан
1959 он "Ардын элч" цэрэг
1967 он "Төгсгөл" хааны албат
1974 он "Уулзалт" түргэний эмч
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" тоглоомчин
1982 он "Хуучин сүмийн нууц" Содном
1986 он "Нандин эрдэнэ" хадам аав Чулуун
1989 он "Эргүүлэг"
киноны дүрүүдээрээ монголын кино урлагт өөрийн дүр төрхөө мөнхөлсөн юм.
Мөн Жамсран найруулагч "Тунгалаг Тамир" киноны Эрдэний,
"Морьтой ч болоосой" киноны Дондогийн гээд олон сайхан дүрүүдийн дуу хоолойг хийсэн гэдгийг үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй л болов уу.
Найруулагч Жамсран "Анхны алхам" зэрэг олон киноны жүжигчинтэй ажилладаг найруулагч буюу 2-р найруулагчаар ажилласан билээ.
Монголын кино урлагт алдар цуутай найруулагч байсныг хэн ч, хэзээ ч мартаж болохгүйг сануулахийг хүссэн юм. Зуун жилийн дараа ч хойч үе маань энэ хүний киног үзэн инээж, бахархаж, дурсах болно.