Данхарын Дэлэгням
Өчигдөр фэйсбуукээр санал авахад маш олон найзууд монгол кинондоо хайртай, киногоо маш сайн мэддэг нь мэдрэгдлээ. Бас дийлэнх нь урьд бичсэн хүмүүсийг уншаагүй бололтой санал өгсөн байлаа. Миний бие жил хагасын хугацаанд монголын кино…
Зохиогч Д.Золбаяр ·
Өчигдөр фэйсбуукээр санал авахад маш олон найзууд монгол кинондоо хайртай, киногоо маш сайн мэддэг нь мэдрэгдлээ. Бас дийлэнх нь урьд бичсэн хүмүүсийг уншаагүй бололтой санал өгсөн байлаа. Миний бие жил хагасын хугацаанд монголын кино урлагаар үзэгчидэд танигдсан 210 жүжигчин, уран бүтээлчдийн товч намтар, уран бүтээлийн жагсаалтыг зургийн хамт нийтлэхийг хичээж ирсэн. Одоо дахиад 50 гаруй уран бүтээлчийг танилцуулахаар төлөвлөж байгаа. Гэтэл төлөвлөөгүй хүн гарч ирэх тохиолдол байх юм. Өчигдөрийн асуулгаар заяагдсан нэгэн хүний талаар товчхон бэлдлээ. Мэддэг хүмүүс мэдээлэл өгвөл баярлана шүү. Д.Дэлэгням гэдэг энэ хүн 60-аад оны эхээр хийгдсэн орчин үеийн сэдэвтэй кинонуудад тоглож байжээ. Өөр кинонд ч тоглосон байж магадгүй ээ.
1961 онд бүтээгдсэн "Улаанбаатарт байгаа миний аавд" кинонд концерт үзэж байдаг үзэгч "-Энэ Долгорыг сайн дуулдаг гэсэн үнэн юм байна" гэж эхнэртээ хэлтэл "-Аан тийм байна уу!?" гээд ширэв татдаг шүү дээ... Мөн олон нийт дээр бүжиглэж байна. 1962 онд "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны 5-р бригадын тариаланч. "-Лааны гарз хийгээд л..." 1963 онд "Энэ хүүхнүүд үү" Төмөрийн найз. Д.Дэлэгням гуай гол дүрд тоглоогүй ч эдгээр дүрүүд нь киног чимж байжээ. Тэрээр Б.Жамсран найруулагчийн хоёр кинонд тоглосоныг нь анзаарвал үе тэнгийн найз нөхөд байсан бололтой. Урлагийн сургууль төгссөн хүн байсан болов уу гэж бодогдож байна. Энэ сайхан хүнийг дурсацгаая. Алтан үеийн чадварлаг сэхээтнүүдийн нэг биз ээ
Жүжигчин, найруулагч Д.Дэлэгням
Жүжигчин, найруулагч Данхарын Дэлэгням нь Ховд аймгийн Буянт сумын нутагт Улаанбогчи хэмээх газар төржээ. 1959 онд Улсын Багшийн Дээд Сургуульд анх Кино драмын анги нээгдэхэд элсэн суралцаж жүжигчний мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр драмын тайзнаа Л.Ванган, А.Дашням нарын "Тожоо жолооч" жүжгийн Самдан, Н.В.Гоголийн "Байцаагч түшмэл" жүжгийн Хлестаков, В.Баряновын "Тэр талд" жүжгийн Игнатов, Л.Ванганы "Эмч нар" жүжгийн Өлзий зэрэг 50 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тоглосон юм. Мөн "Улаанбаатарт байгаа миний аав", "Энэ хүүхнүүд үү", "Хөхөө гэрлэх дөхлөө" кинонд тоглосон байна. Д.Дэлэгням нь Ховд болон Завхан аймгийн театрт найруулагчаар ажиллаж байхдаа "Сахиуст цэрэг", "Газар дээрх бичиг", "Учиртай гурван толгой" дуурь, "Шинэ байшинд", "Гарын таван хуруу", "Эмч нар", "Ёс ёмбогор төр төмбөгөр", "Тамирын бэр", "Тожоо жолооч" зэрэг бүрэн хэмжээний 30 гаран жүжиг, "Залуусын дуун", "Төлийн дуу", "Өрх гэрийн баясгалан", "Нам орноо дуулъя", "Улиастайн дууль", "Сэтгэлээ авар" гэх мэт хошин 30-аад концертыг тайзнаа найруулсан авъяаслаг уран бүтээлч байв. Тэрээр элэгний өвчнөөр удтал өвдөж байгаад бурхны оронд оджээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.