Цэвэлийн Дашнамжил
"Өглөө" киног бүтээхээр бэлтгэл ажил хийгдэж байхад тус киноны хоёрдугаар найруулагч М.Бадамгарав гуай анх Сүхбаатар жанжины дүрд тоглуулна гэж нэгэн оюутан залууг авч ирсэн нь хожим гавъяат жүжигчин болсон Д.Дашнамжил гуай байжээ.…
Зохиогч Д.Золбаяр ·
"Өглөө" киног бүтээхээр бэлтгэл ажил хийгдэж байхад тус киноны хоёрдугаар найруулагч М.Бадамгарав гуай анх Сүхбаатар жанжины дүрд тоглуулна гэж нэгэн оюутан залууг авч ирсэн нь хожим гавъяат жүжигчин болсон Д.Дашнамжил гуай байжээ. Найруулагч Д.Жигжид гуай ихэд олзуурхан түүнд жанжины хувцас өмсгөж нүүрийг нь будуулаад ахмад дайчидад харуулахад тэд бүгд гайхан босож ирээд ангайн дуугарч чадахгүй байсан гэнэ лээ. 1967 онд Сүхбаатар жанжинтай мөр зэрэгцэн тулалдаж явсан партизанууд байсан тул тэднээс жанжины талаар элдэвийг асууж судалж байсан хэрэг л дээ. Сүхбаатар жанжины дүрийг 1942 онд бүтээгдсэн "Сүхбаатар" кинонд Зөвлөлтийн жүжигчин Свердлин анх бүтээсэн бол 1959 оны "Ардын элч" кинонд З.Галсанданзан бүтээсэнээр кино дэлгэцэнд Сүхбаатарын дүрийг анх удаа бүтээсэн монгол хүн болж байжээ. Цэвэлийн Дашнамжил 1943 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төржээ. 1968 оноос УДБЭТ-ийн найрал дууны ангид дуучнаар ажилласан.
1968 он "Өглөө" Сүхбаатар 1971 он "Тэмцэл" Сүхбаатар 1972 он "Ичээнд нь" Сүхбаатар 1972 он "Тунгалаг Тамир-2" Сүхбаатар 1978 он "Солонгын таван өнгө" Сүхбаатар
1983 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин хэмээх эрхэм алдарыг хүртжээ. Дашнамжил гуайн тоглолтын талаар илүүг дурьдсанаас тэр бүр хүмүүсийн мэддэггүй зүйлийг хуваалцахыг хүслээ. Соц нийгмийн үе байсан болохоор жанжинд тоглосон жүжигчинийг өөр дүрд тоглуулдаггүй байсан нь хувь жүжигчиний хувьд харамсалтай. Тэрээр мэргэжлийн жүжигчин бус хоорын дуучин байсан боловч сайн жүжигчин байсныг нь доорх жишээнүүд батална. "Тэмцэл" кинонд наадмын парадны зураг авахаар бэлдээд маш олон цэрэг, хуягт техникийг цуглуулаад яг зураг авах гэж байхад хотоос эмгэнэлт мэдээ ирэв. Гуравхан настай бяцхан хүү нь өвчиний учир нас барсан байжээ. Найруулагч Д.Жигжид гуай зургийг хойшлуулах боломжгүй тул сэтгэлээ барь гэж мөрөн дээр нь алгадаад л зургаа эхлүүлжээ. Ялалт, улс тунхагласанаа зарлах баярт мөчийн зургийг нулимсаа залгин байж авхуулсаныг нь одоо ч бид үздэг юм шүү. Бас нэгэн зүйлыг дурьдахад Дашнамжил гуай "Тэмцэл" кинонд Сүхбаатар, Хичээнгүй сайд Цэрэндорж хоёрын хамт уулзаж байгаа хэсэгт хоёулангийнх нь амыг барьсан байдаг. Өөд өөдөөсөө харан суугаад харилцан ярьж байгаа хоёр хүний дууг хоёуланг нь нэг хүн хийсэнийг одоо ч үзэгчид анзаардаггүй нь тухайн жүжигчний ур чадварыг илтгэх биз ээ. "Ард Аюуш" кинонд Чойжилсүрэн зохиолчийн тоглосон Аюушийн дуу хоолойг Дашнамжил гуай хийсэн байдгийг та бүхэн анзаарсан уу?
Эх сурвалж: Д.Золбаяр.