Навааны Дугарсанжаа
"Өгөр толгой Гүрсэд" нэрээр олон түмэндээ алдаршсан БНМАУ-ын гавъяат жүжигчин Навааны Дугарсанжаа гуай 1924 онд Төв аймгийн Лүн суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Өгөр толгой Гүрсэд" нэрээр олон түмэндээ алдаршсан БНМАУ-ын гавъяат жүжигчин Навааны Дугарсанжаа гуай 1924 онд Төв аймгийн Лүн суманд төржээ.
16 настайдаа урлагийн сургуульд орж 1943 онд төгсөөд Улсын Хөгжимт Драмын Театрийн жүжигчин болжээ.
1956-1958 онд Москва хотын Театр Урлагийн дээд сургуулийн түр курсэд суралцан найруулагч болсон байна.
1945 он "Цогт тайж" бүрээ үлээдэг цэрэг
1955 он "Гэм нь урдаа" Гомбо
1962 он "Түмний нэг" Гүрсэд
1964 он "Хүний мөр" Гүрсэд
1966 он "Төөрсөөр төрөлдөө" Ванчин бэйл
1967 он "Төгсгөл" Цэвээн ноён
1969 он "Агуйн нууц" сэргийлэхийн хурандаа
1975 он "Анхны хайрын дууль" Нанзад
1976 он "Хүний төлөө" намын дарга
1977 он "Дэгдээхэй нас" захирал
1978 он "Их замын эхэнд" түшмэл Дамбий
1979 он "Тойрох хуудас" Гочоо
1980 он "Гул Аранжин" Алтансүх
1984 он "Саруул талын ерөөл" баг
1985 он "Ацаг шүдний зөрүү" данжаад
1985 он "Мөнгөн буйл" хотын панзчин
1988 он "Хэцүү даалгавар" уудаг профессор
1988 он "Мандухай цэцэн хатан" ноён
зэрэг дүрүүдэд тогложээ.
Мөн монголын анхны олон ангит кино "Эзэнгүй айл"-д мөн тоглосон билээ.
Дугарсанжаа гуай жүжигчин, найруулагч байснаас гадна хэд хэд жүжгийн зохиол, дууны үг бичжээ. Тэдгээрээс нэг дууны талаар онцлон тэмдэглэе ээ.
1961 онд Улс хувьсгалын 40 жилийн ойд зориулан "Малчдын уралдаан" дууны шүлгийг зохиожээ. Уг дууг нь АЖ Ц.Пүрэвдорж, дуучин Даваадорж, Пүрэвсүрэн нар дуулж олны хүртээл болгожээ.
Урьд нь хаа нэгтээгээс Дугарсанжаа гуай энэ дууны шүлгийг зохиосон тухай уншиж байсан билээ. Энэ постыг сонирхолтой болгох үүднээс өөрт байгаа номнуудаа эргүүлээд, мөн интэрнетээс хайгаад ч тоймтой зүйл олоогүй тул МУГЖ Ё.Цогоо гуай руу утас цохиж лавласан юм. Цогоо гуай бие нь чилээрхүү байсан ч баярлан сэргэж бүр утасны цаанаас надад дуулж өгсөн шүү.
"Малчдын уралдаан" дууг онцолсон учир нь дуучид гурван бадгийг тус тусдаа дуулчихаад дөрөвдүгээр бадгийг нь нийлж дуулахдаа гурвуулаа өөр өөр үгээр дуулдаг явдал юм. Миний ажигласнаар ингэж дуулдаг өөр дуу монголд байхгүй байх аа. Сонсоход дольби стерео дуугараад байгаа юм шиг сайхан санагддаг юм.
Ийм л авъяастай "Алтан үе"-ийн хойчис доо бид.
Эх сурвалж: Д.Золбаяр.