Ойдовын Уртнасан
Энэ жил монголын кино урлагийн хувьд онцлог жил болж байгаа билээ. Миний багш Б.Сумхүү, кино оператор О.Уртнасан нарын мэндэлсэний 90 жилийн ой тохиож байгаа юм. Нас чацуу хоёр эрхэм маань хоёулаа төрийн шагналтай, хоёулаа урлагийн гавъяат…
Зохиогч Д.Золбаяр ·
Энэ жил монголын кино урлагийн хувьд онцлог жил болж байгаа билээ. Миний багш Б.Сумхүү, кино оператор О.Уртнасан нарын мэндэлсэний 90 жилийн ой тохиож байгаа юм. Нас чацуу хоёр эрхэм маань хоёулаа төрийн шагналтай, хоёулаа урлагийн гавъяат зүтгэлтэн билээ. Ойдовын Уртнасан 1929 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. 1952-1957 онд ВГИК-ийг кино оператор мэргэжлээр суралцаж төгсчээ. Уртнасан гуай оюутан байхдаа "Бидэнд юу саад болж байна" киноны зохиолыг бичсэн нь түүнийг эх оронч хүн байсныг илтгэнэ. Залуу насандаа алтан үеийн хэд хэдэн киноны зургийг авсан бөгөөд Ч.Лодойдамба гуайн зөвлөгөөгөөр ан амьтны тухай баримтат кино хийх үйлсэд эргэлтгүйгээр орсоноор биднийг эх орныхоо байгальд хайртай болгож хүмүүжүүлсэн гавъяатай. Түүний олон баримтат кинонуудыг дурьдана гэвэл урт жагсаалт байна аа. Зөвхөн уран сайхны кинонд ажилласан жагсаалтыг та бүхэнд хүргэе. 1956 он "Бидэнд юу саад болж байна" 1959 он "Ардын элч" 1961 он "Алтан өргөө" 1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" 1964 он "Тус биш ус" 1968 он "Өглөө" 1971 он "Тэмцэл" 1985 он "Их замын тоос" 1993 он "Морьтой ч болоосой-2" кинонуудын зургийг авчээ. Уртнасан гуайн мазаалайн зургийг авахаар олон жил хөдөлмөрлөсөн талаар нь найруулагч Ц.Наваан гуай 1986 онд "Эрэлчин" гэдэг баримтат киног бүтээсэн юм. Мөн Тангадын Галсан гуай "Эрэлийн эзэн" гэж жижигхэн товхимолыг Уртнасан гуайд зориулж гаргасан. Харин Уртнасан гуай "Өөрөө ирдэггүй жаргал" хэмээх дурсамж номоо бичсэн байдаг юм. Дашрамд дурьдахад Уртнасан гуайн гэргий Ямаахай гуай "Үер" киноны Моломын эхнэрт тоглосон.
Эх сурвалж: Д.Золбаяр.