Төмөрийн Нацагдорж
Монголын анхны кино найруулагчийг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Монголын анхны кино найруулагчийг танилцуулъя.
Шинэ тулгар байгуулагдсан монгол улсын урлагт их, бага хоёр Нацагдорж байжээ.
Их Нацагдорж нь бидний сайн мэдэх алдарт яруу найрагч Дашдоржийн Нацагдорж юм. Харин бага Нацагдорж бол монголд кино урлагийг үүсгэн байгуулалцсан кино найруулагч, зохиолч Төмөрийн Нацагдорж билээ.
Т.Нацагдорж 1910 онд Улаанбаатар хотод төржээ.
20-оод оны сүүлээр хэсэг залуучуудыг герман улсад суралцуулахад хоёр Нацагдорж багтжээ. 1935 онд анх кино үйлдвэрийг монголд байгуулахад мэргэжилтэй боловсон хүчин байгаагүй тул багшийн сургуульд багшлаж байсан Төмөрийн Нацагдоржийг "Кино үйлдвэрт найруулагчаар ажилла" хэмээн томилжээ. Бодвол германд сурч байхдаа бусдаасаа илүү кинонд сонирхолтой байсан биз. Ингэж томилогдон очихдоо өөрийнхөө сургуульд сурч байсан таван сурагчтайгаа очсон байна. Энэ тавын дунд хожим алдарт найруулагч болсон Жигжид, опертор Ганжуур, хоёр Дэмбэрэл нар байжээ. Тэрээр зөвлөлтийн мэргэжилтнүүдээс суралцахын зэрэгцээ
1938 он "Норжмаагийн зам"
1939 он "Сүрэг чоно"
1940 он "Анхдугаар хичээл"
1940 он "Тарваган тахал"
1941 он "Амьдралын дайсан"
1942 он "Хил дээр гарсан хэрэг" зэрэг кинонуудыг зохиолыг нь бичиж найруулжээ. Эдгээр кинонууд бол монголчуудын бие дааж хийсэн анхны уран сайхны кинонууд юм шүү.
Тэрээр 1941 онд зөвлөлтийн киночидтой хамтран бүтээсэн "Сүхбаатар" кинонд монгол талын найруулагчаар ажилласан байна. Гэвч манай засгийн газраас зөвлөлтөд захиалгаар хийлгэсэн уг киног хүлээж авах үед Чойбалсан дарга хоёр удаа зөвлөлтийн киночидод захидал бичсэн байдаг юм. Уг захидлуудад санал, засваруудаа дурьдаад хоёуланд нь "Төмөрийн Нацагдоржийн нэрийг кино уран бүтээлчидийн титрээс хасахыг" хүсэж байжээ. Ийнхүү түүний нэр "Сүхбаатар" кинонд бичигдээгүй юм. Яагаад хасах шалтгааныг нь дурьдаагүй боловч германд сурч байсан гэж л хассан болов уу. Ингээд хэлс хэрэгт орж арав гаран жил шоронд суусан байна. Хожим шоронгоос суллагдаад Зүүн Хараа дахь спиртийн үйлдвэрт ажиллаж байгаад 1966 онд амгалан нойрссон ажээ.
Төмөрийн Нацагдорж гуай 1958 онд Мишигийн Цэдэндорж, Сормууниршийн Дашдооров нарын хамт "Гурван найз" киноны зохиолыг бичсээн. Үүнээс харвал тэрээр кино урлагт их дуртай, хайртай хүн байсан нь тодорхой.
Энэ хүн хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөөгүй байсан бол бидний ярьдаг "Алтан үе"-ийн кино урлагийн сан хөмрөгт өөр сонин сайхан бүтээлүүд өвлөгдөх байсан байх даа...
Дашрамд хэлэхэд "Сүхбаатар" кинонд нууц бүлгэм гэртээ хуралдах үед Янжмаа гадаа харуул хийж байтал нь шаахай унасан хоёр гамин ирдэг шүү дээ. Нэг гамин нь Янжмаатай сээтэгнэх гэхэд цаадах нь нүүрэндээ цус түрхэж сэжиглүүлэхэд дургүй нь хүрсэн гамин гэр доторх лааг буудаж унтраадаг шүү дээ. За тэр гаминд Төмөрийн Нацагдорж гуай тоглосон юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр.