Түдэвийн Цэвээнжав
Түдэвийн Цэвээнжав гуай 1956 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин цолыг хүртсэн юм. Энэ цол бол түүнийг Улсын төв театрт олон жүжгийн олон сайхан дүр бүтээснийх нь төлөө олгосон шагнал байлаа. Уг шагналыг хүртэхдээ Цэвээнжав гуай хоёрхон кинонд…
Зохиогч Д.Золбаяр ·
Түдэвийн Цэвээнжав гуай 1956 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин цолыг хүртсэн юм. Энэ цол бол түүнийг Улсын төв театрт олон жүжгийн олон сайхан дүр бүтээснийх нь төлөө олгосон шагнал байлаа. Уг шагналыг хүртэхдээ Цэвээнжав гуай хоёрхон кинонд тоглосон байжээ.
Гавъяат болсон даруйдаа алдарт Бумаагийн дүрд тогложээ. "Сэрэлт" киноны энэ дүр түүнийг насан туршид дагалдах нэр нь болсон юм.
Цэвээнжав гуай харьцангуй цөөхөн буюу есөн л кинонд тоглосон боловч үзэгчдэд хайрлагдсан жүжигчин болж чадсаан.
Түдэвийн Цэвээнжав 1916 онд Дорнод аймгийн Матад суманд төржээ.
1939 онд Улаанбаатар хотод шилжин ирж гар үйлдвэрийн артельд оёдолчин болжээ.
1943 онд Урлагийн сургуульд орж суралцан 1944 онд Улсын төв театрт жүжигчин болсон байна.
1954 он "Шинэ жил" Долгор
1956 он "Бидэнд юу саад болж байна" ховч авгай
1957 он "Сэрэлт" Бумаа
1958 он "Гурван найз" дүлий авгай
1959 он "Морьтой болоосой" Дондогийн эх Ханд
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" худалдагч авгай
1963 он "Энэ хүүхнүүд үү" Долгор
1968 он "Өглөө" хүрээ авгай
1970 он "Хүргэн хүү" Санжид зэрэг кинонуудад тогложээ.
Зөвхөн "Өглөө" кинонд тоглосон дүр нь эпизодод буюу ганц удаа гардаг дүр байна. Дамирангийн эхнэрийг зах дээр явж байхад нь "Сүүлгүй шаазгай шиг" гээд Дамиранг "Энэ төрдөө л түшмэл юм биз дээ" гэж дооглодог авгай нарыг санаж байна уу?
Хожим нь Т.Цэвээнжав гуайг ард түмний санал асуулгаар "20-р зууны Монголын шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр тодруулсан бөгөөд 2014 онд төрсөн нутаг Дорнод аймгийн Матад суманд нь хөшөөг босгож алдаршуулсан байна.
Үзэгчид гавъяат жүжигчин М.Бадамгарав гуайтай их андуурдаг юм. Тоолбол нас ойролцоо, төөлбөл бие царай төстэй, хийсэн бүтээсэнээрээ ижилхэн, ард түмэндээ хүндлэгдсэн, хоёулаа гавъяат болохоор аргагүй ч биз дээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.