Ёндонгийн Шаравдоо
...Ард улсын театрыг
Зохиогч Д.Золбаяр ·
...Ард улсын театрыг
Анх байгуулагдахаас эхэлж
Артист хэмээх нэртэй болсон
Ардын хөвгүүн Шаравдоо
Шар хар феодалуудын
Шалиг самуун байдлуудыг
Шавхаж бүрэн дуурайж чадаад хэмээн "Уран сайхны шинэ хүчин" шүлэгтээ С.Буяннэмэх гавьяат жүжигчин Шаравдоо гуайн тухай бичсэн байдаг.
БНМАУ-ын гавьяат жүжигчин Ёндонгийн Шаравдоо 1910 онд Амгаланбаатар хотод төржээ. Эцэг эх нь лам болгоно гэж сүмд суулгасан боловч оргож зугтан багш ламдаа зодуулж байсан хүү Ардын хувьсгалтай золгоод 1923 онд Сүхбаатарын нэрэмжит клубт уран сайханчаар орж урлагтай холбогджээ.
1931 оны 11-р сарын 12-нд Улсын төв театр С.Буяннэмэхийн "Үнэн" жүжгээр нээлтээ хийхдээ "Шар феодалын дүрд Шаравдоо тоглоно" гэж зарлуулж явсан гэхээр анхны жүжигчдийн нэг аргагүй мөн билээ.
1936 он "Монгол хүү" олны хэсэгт
1945 он "Цогт тайж" Майдар хутагт
1957 он "Сэрэлт" олны хэсэг
1962 он "Түмний нэг" морины наймаачин
1969 он "Анхны алхам" Жүгдэр
1970 он "Тунгалаг Тамир" Пүрэв тайж
1972 он "Эхлэлт" Гомбодоо
1975 он "Мартагдашгүй намар" САА-н ажилтан
1976 он "Хүний амь" аав
зэрэг дүрүүдийг кино хальсанд үлдээжээ.
Шаравдоо гуайн талаар элдэв хошин үг их ээ. Ичинхорлоо гуайн нөхөр Ядамсүрэнг хэлмэгдүүлэн цаазалсан сургаар Дотоод яаманд өөрөө очиод "- Би Ядамсүрэнгийн найз. Намайг цаазал!" гэж зоригтойгоор хэлж байсан юм гэнэ лээ.
Настай ээжийгээ асарсаар хөлийг нь хучсан гэж Чимэд-Осор гуай бахархан дурссан байдаг юм.
Чойбалсан даргын өрөөнд дуудагдаад Цэдэнбал гэдэг залууг танилгүй томорч байж танилцсан ч хожим Цэдэнбал дарга бие муу байхдаа зургаа дурсгал болгон өгч гарын үсгээ зурсан гээд энэ хүний тухай сонин содон явдлууд ном товхимолд элбэг бий.
Цагааны Цэгмид гуайг анх таньж шалгаж аван урлагт оруулж ирсэн гэхээр цар хүрээг нь хэлүүлэлтгүй биз ээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.