Зогсоолонгийн Доржсүрэн
"Зэрэг нэмэхийн өмнөхөн" киноны зайран Түвдэнмижидпалбийгомбод тоглосон Зогсоолонгийн Доржсүрэн гуайг бид бүтээлээр нь сайн мэднэ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Зэрэг нэмэхийн өмнөхөн" киноны зайран Түвдэнмижидпалбийгомбод тоглосон Зогсоолонгийн Доржсүрэн гуайг бид бүтээлээр нь сайн мэднэ.
Зөвлөлтөд Ажилчин тариачдын түр сургуулийг төгссөн энэ хүн мэргэжлийн жүжигчин биш ээ. Цэргийн албанд байхдаа хөгжмийн удирдаачийн жилийн курс төгссөөд Бүх цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаачийн албыг хааж байсан хүн юм.
Цэргийн үлээвэр хөгжим жагсан явахад урд нь сүрлэг сахалтай эр том шар цацагтай дохиураа намалзуулан дохин алхаж явдаг байсан тухай урьдны улс ярьдаг.
"Зэрэг нэмэхийн өмнөхөн"-өөс гадна
"Өглөө", "Тэмцэл" кинонуудад хичээнгүй сайд Цэрэндоржийн дүрийг бүтээсэн.
Мөн Сүмхүү багшийн маань "Моторын дуу" кинонд Даржаагийн аав өвгөн дархан Сэдэдийн дүрийг бүтээсэн. Харин "Зэрэг нэмэхийн өмнөхөн"-д Дагийранз, "Өглөө", "Тэмцэл"-д Дашнамжил, "Моторын дуу"-д Дамдинбазар нар дуу оруулж эдгээр дүрүүд амилсан түүхтэй. Ингээд л болоо. Гэсэн ч энэ дүрүүд монгол кинонд чимэг болон үлдсээн.
Доржсүрэн гуайн тухай ахмадуудын хуучаас сонссон нэгийг хуваалцая.
Эр хүн л болсон хойно балгах дуртай байж л дээ хөөрхий. Гэтэл сүүлд суусан эхнэр нь "-Миний өвгөн уумаар бол гэртээ л ууж бай. Гадуур явж байж хөлдөж үхвэл яана. Найз нөхөдтэйгөө уух бол гэртээ урьж ирээд ууж бай" гээд авдар архи авч ирээд орны хөндий доор нь хийсэн гэсэн. Тэгээд л нөхөр нь уухаа болжээ. Нөгөө хатан ухаан гэж энэ байх даа. Бас эхнэрийхээ ухааныг хүндэтгэсэн эр хүний сэтгэл байх аа.
Хүний мууг үзэх зорилгоор бус сургамж дууриал болоосой гэж энэ жишээг оруулсан юм шүү.
Кино урлагийн буянаар энэ хүн мөнхөрч, Доржсүрэн гуайн буянд монгол кино чимэг нэмсэн юм аа.
Эх сурвалж: Д.Золбаяр.