№88 Н.Цэвээнравдан
Няндагийн Цэвээнравдан 1950 онд Дорноговь аймгийн Их хэт суманд төржээ. Цэргээс халагдаад л Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр ороод нэг жилийн дараа Ленинград хотын Театр, Кино, Хөгжмийн дээд сургуульд орсон байна.
Зохиогч Д.Золбаяр ·
Няндагийн Цэвээнравдан 1950 онд Дорноговь аймгийн Их хэт суманд төржээ. Цэргээс халагдаад л Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр ороод нэг жилийн дараа Ленинград хотын Театр, Кино, Хөгжмийн дээд сургуульд орсон байна.
Оюутан байхдаа гадаад оюутанд "Чингисийн Монгол" гэж томорсон хэргээр жилийн чөлөөгөөр шийтгүүлж байжээ. Дундговь аймгийн ХДТ-т найруулагчаар ажиллаж байхдаа намын хурлын концерт найруулж байтал намын дарга ажилд нь оролцоод байж л дээ. Тэгэхээр нь шуудхан "Намаас өмнө урлаг байсан юм. Дуугүй бай" гэж хэлээд дахиад шийтгүүлж байсан гэнэ лээ.
Энэ бүхнийг дурдсаны учир нь жүжигчин Цэвээнравдан юунаас ч айдаггүй, цагаан цайлган, дотроо бугшуулж хадгалдаггүй эр байж дээ гэж бодогдсоных юм шүү.
Тэрээр Хүүхэлдэйн театр, Драмын театр, "Учиртай инээд" хамтлагт жүжигчнээр ажиллаж байсан билээ.
1980 он "Говийн зэрэглээ" ангийн байцаагч Нанзад
1982 он "Тэмцлийн оч" Очир
1983 он "Ингэх гээд байсан юм" Сурмаа
1985 он "Би чамд хайртай" 20-р байрны Балбар
1986 он "Ирж яваа цаг" Шагдар
1988 он "Мандухай цэцэн хатан" дархан
1990 он "Алаг мэлхийн хонх" ах
1992 он "Найрын ширээний ууц" дарга
УГЗ Н.Ганхуяг багш найздаа зориулан "Намаас өмнө урлаг байсан" номыг гаргасан юм. Тэр номноос "Ангийн байцаагч"-ийн тухай илүү ихийг мэдэж болно.
Н.Цэвээнравдан гуай киноноос амьдралынхаа ханьтай учирчээ. Кино үйлдвэрийн монтажчин С.Алтанцэцэг эгч түүний хань нь билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №88.